Сэтгэл зүрхээ бүрмөсөн хөлдчихөөгүй дээр
Итгэл үнэмшлээ эгнэгт барчихаагүй дээр
Байгаа сайхан бүхнээ барагдчихаагүй дээр
Бачит энэ хорвоогоос зугтмаар байна
Жаахан л байзнах юм бол
Жавар сэтгэлд хургасаар зүрх минь мөс болох нь
Энэлэл уйтгарт хүлэгдсээр
Элэг зүрх минь амьдаараа өгөрших нь
Нүүрний арьс үрчийгээгүй дээр
Нүдний гал буураагүй дээр
Нүгэлд идэгдэж хүн чанараа гээгээгүй дээр
Нэгмөсөн энэ орчлонгоос явмаар байна
Сар жил өнгөрөх бүрийд
Саарал өнгөөр будагдаж байгаа сэтгэл
Харахаар шагайхнаа нэг мэдэхэд
Хав хар болчихсон байж мэднэ
Урт богино нь ялгаагүй энэ амьдрал
Уйтгарт нэг л жимтэй юм байна
Өөрөө өөрийгөө гээгээгүй дээрээ
Өөд болон одмоор байна