Ангилал: санаа бодол
Гомдоод байна.Сэтгүүлч бид бусдын өмнөөс л гомдож "Тэрийг тэр тэгээд хохироочлоо" гэж хэл ам таталж явдгаас биш "намайг ингэлээ" гэж хэлж яваагүй юмсан.Бодоод үз л дээ."Багш нарын цалинг нэм" гэж бичдэг сэтгүүлч байхаас "Миний цалин бага байна" гэдэг сэтгүүлч харсан уу? Гомдмоор нь цаана чинь манийгаа "Нохой" гэж нэрлэдэг болчиж. Англиар Watch dog??? гэдэг юм байна. Эхлээд аятайхан орчуулах гэж зүдсэн юм гэдэг. "Сэрэмжит нохой" "Нийгмийн манаач нохой" гээд олон хувилбар гаргасан боловч нохой л бол нохой шүү дээ. Ямар нохой биш нохой гэж байх биш. Цаанаа их учиртай гэнэ. Эртний хүмүүс анх нохой тэжээхдээ хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй болох зорилготой байсан юм байх. Ухаандаа шөнө дөлөөр нохой улина гэдэг бол анхны радио нэвтрүүлэг байж. Анхны радио нэвтрүүлгээ шууд "чоно ирж чваа юм шиг байна гэх мэдээтэйгээр эфирт цаацаж байсан нь тэр юм байх. Харин чоно ирээгүй байхад хуцаж эзнээ айлгадаг байсан зарим нохдыг шар мэдээллийг үндэслэгчээр тооцдог юм байна. Эдний аль алийнх нь үүргийг сэтгүүлчид залгамжлан авч ард олондоо хонины арьс нөмөрсөн чоныг зааж өгөх, эсвэл " ий чоно ирлээ" гэж худлаа айлгах болжээ. Гэхдээл гомдмоор. Сайн сэтгүүлчийг уул нь сайн сэтгүүлч л гэдэг байсан. Одоо хэдийчинээ сайн сэтгүүлч байна төдийчинээлэг нохойлог болдог болсон юм гэнээ. Хүүхэд байхдаа Д.Маамын "Газар шороо" романыг уншиж байхад "Нохой Жааяа" гэдэг тааруухан хүн гарч байсан нь санааанд оров. Бодоод байхнаа хүн нь тааруу боловч сайн сэтгүүлч байсан байх нь. "Хоточ нохой цол тэмдэг хүртэл гараад ирж. Цаашдаа "Зуудаг нохой" "чимээгүй давхидаг нохой"гэх мэт номинацитай болох нь. Эс болсныг их бичдэг коллегууд маань энгэрээ "Худлаа хуцдаг нохой" тэмдгээр цоолох нь гарцаагүй болов. Дарга барааддаг нөхөд маань "Нүүдэл дагадаг нохой" хавьцаа очих юм болов уу. Тодорхой эрхэлсэн ажилгүй агаад хэвлэлд юм бичдэг нөхөд маань "идэвхтэн бичигч" гэсэн доромждуу нэртэй байв. Идэвхитэйдээ л бичээд байдгаас биш хэн ч бичээд аль гээгүй гэсэн санаа. Гэтэл тэд мээнь ардчиллын буянаар "Чөлөөт сэтгүүлч" гэсэн сайхан нэртэй болоод авсан. Гэвч энэ жаргалыг даанч удахгүй хяслангийн хар сүүдэр дайрах юм гэж хэн мэдлээ.Одоо хаана ч ажилладаггүй сэтгүүлчдийг "Золбин нохой гэх нь байна шдээ. Гэхдээ зовсон хүн жаргаж золбин нохой зоолдог" гэдэг хойно нэгэн цагт ядаж нүүдэл дагадаг нохой бололгүй л яав гэж. Эндээс үүдээд цаашаа олон нэр томъёо шинэчлэгдэх болоод байна. Ерөнхйилөгч, ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч нар нэрийн хуудсан дээрээ "нохойд барьдаг мод" гэж бичих нь гарцаагүй болно. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр шүүмжлүүлдэг нөхөд болохоор "нохойд уруулсан" этгээд болж таарах нь. Ингээд шүүхээс "буруугүй хүнийг хазсан" эсвэл "өөрийн буруугаас уруулсан" гэхчлэн зээлттай шийдвэрүүд гарч эхэлнэ. Эндээс улбаалаад "хуцах гэдэг үгэнд бичих туурвих утга ороод ирвээ. Хөдөөний малчид манай нохой шөнөжингөө юм бичээд огт унтуулсангүй.тэдний банхар хотонд чоно ойртох гэхээр чанга чанга сурвалжлага бичээд хөөчдөг гэхчлэн ярих нь дамжиггүй.
Б.Цэнддоо гуайнх