Ангилал: Шүлэг
Өнчирснөө зарлан салхитай шөнөөр ёолно
Өөрөөс нь холгүй тайранхай хожуул
Өрөвдөлтэй завилан сарны гэрэлд торойно.
Хаврын хаварт хур тосон нялхамсаж
Хос заяанд мөчир бүр нь навчсаар нярайлж
Хайр хайрандаа хөлбөрөн найгаж байсныг
Харин одоо итгэнэ гэвэл бэрхээ
Мөчир мөчрөө ороон гэгээ нэвтлэх зайгүй тэврэлдэж
Үнэр үнэртээ согтон салхи сэмлэх завсаргүй үнгэлдэж
Мөн ч олон залуусыг сүүдэр дороо эрхлүүлж
Үндсээ нэгтгэн хуримласныг хурмаст гэрчилнэ
Гэвч хөрөөний хяхнаа хагацлын аялгуу дарсан
Гэсгээлт орчлонгоос моддын амь чарлаж салсан
Гэрлийн дор нүглийн өмнө хоёр зүрх үхсэн
Гэгээн байгалийн үггүй хайр ийн мөхсөн
Хан дэлхийд ханиа алдсан эмгэнэл
Хавар хаварт зүлэгтэй хамт сэргэдэг.
Хагас зэрэмдэг хайр гэж байдаггүй хойно
Хатаж үлдсэн улиас ахиж навчилсангүй ээ
Үхсэнийг элэглэдэг өөдгүй хорвоо
Үндсийг нь хүртэл тайван орхисонгүй
Зовлонгийн өвөр дээр ч хайр горьдох хожуул руу
Золбин нохой хүртэл сарьж одно.
Д. Дамдинжав гэдэг залуугийнх