Ангилал: Шүлэг
Хэний ч өмнө тэргүүн бөхийхгүй
Хэнэггүй омог бардам алхална
Алаг нүдний цавчлаа бүхэнд төөрөхдөө
Амраг минь чи намайг санасан шиг санана даа
Мэлмий гишгэлэн одох сураг ажгийн өмнө
Миний харц гэнэхнээрээ байна
Өмнөх замын уулзвар бүхэн саллаа ч
Өнөөх итгэл минь шинэхнээрээ байна
Хүслийн мянган үзүүр гогцоорч одож гэмээнэ
Хүү минь чи намайг санасан шиг санана даа
Урсгал харц тасрах бүдэг совингийн өмнө
Уйтгар шаналал минь залуухнаараа байна
Гэнэ гэнэхэн алдаж онолоо ч
Гэнэн явах нас дуусаагүй байна
Хэний ч өмнө тэргүүн бөхийхгүй
Хэнэггүй омог бардам алхалнаа би